Багш нарын тэтгэмж төсөвт аранга болов
2012-10-12,15:19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
Ядаж байхад ирэх жил таван мянган багш гавьяаны амралтаа эдлэхээр болжээ. Таван мянган багшийн урамшуулал 50 тэрбум төгрөг, хөдөөгийн нэмэгдэлтэйгээ хамт 150 тэрбум төгрөг боловсролын салбарын 2013 оны төсөв дээр тас хийтэл бууж ирэв. Урамшуулал, тэтгэмжгүй байхад тэтгэвэртээ суухгүй хэмээн хойш гэдийдэг байсан багш нар 36 сарын цалинтай тэнцэх урамшууллын сургаар бөөн бөөнөөрөө шохой, самбараа хойш тавиад хүүхэд багачуудад эрдэм ном заадаг “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба”-наасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлжээ.
Уг нь УИХ-ын гишүүд ийм хууль батлая гэж батлаагүй, ардын багш нарын нэлээд том дарамт дор гаргасан юм. Өнгөрсөн хавар багш нарын өрнүүлсэн айхавтар том “тэмцэл”-ийг эцэг, эхчүүд мартаагүй байгаа байх.
“Бид цалингаа нэмтэл хичээл заахгүй. Эцэг, эхчүүд та нар үр хүүхдээ харж хандаж, асран хамгаалах ажлаа сайн хийгээрэй” гэсэн лүндэн буулгачихаад багш нар өөрсдийнхөө төлөөх тэмцэлд мордоогүй юү. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг багш нар мөнөөх татварыг нь бүрдүүлэгч эцэг, эхчүүдэд “Хүүхдээ хараад гэртээ суувал суу” гэсэн лут даалгавар өгөхдөө төрд нэмэрлэдэг татвар буурч, хүсээд байгаа цалинг нь нэмэхэд нэрмээс болно гэдгийг бодоогүй л байх.
Багш нарын ярьж, хэлж байгаагаар тэд Монголын үгээгүй ядуу пролетариуд болж гүйцсэн юм гэсэн. Цалингүй шахам байж хүний хүүхдэд юм сургаж, асарч хүмүүжүүлэх гэсээр байгаад туйлдаж яваа хэмээн гомдоллож, өдгөө УИХ-ын гишүүн болсон МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатарын хамт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд дээр орж баахан тулгалт хийсэн. Тэдний тэмцлийн салаа, мөчир бүр ямар үр дагавартай вэ гэдгийг боловсролын салбарын сэхээтэн багш нар олон талаас нь эрх биш бодсон л байх. Гэхдээ л сурагч жаалуудаа гудамжинд хаян байж шахалт хийсээр, нандин албаа зүхсээр цалин нэмэх сургаар бүр наашлуулах, тэтгэвэрт гарахдаа бусдаас илүү тэтгэмж хүртэхээр жагсаал цуглаанд гарсаар УИХ-ын сонгуулийн өмнөхөн төсөв дээр ачаа нэмэх хууль батлуулж дөнгөсөн. Үүний үр дүнд гишүүд багш нарын нийгмийн асуудалд анхаарах, алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг барих, багш нарыг тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгох, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэхэд төр анхаарал хандуулах гэсэн заалттай хууль баталсан нь өнөөдөр Төсвийн хууль гаргахад нэмэлт ачаа болоод ирлээ.
Ядахдаа өнгөрсөн хавар энэ хуулийг баталж байхад улсын төсөв бялхаж байсан. Бялхах ч гэж дээ, сонгуулийн өмнө эрх барьж байсан МАН гайгүй шиг PR хийх гээд төсвөө шавхсан хэрэг. Түүний балгаар өдгөө 2012 оны төсөв нэг тэрбум орчим төгрөгөөр сох дутаад буй.
Нэгэнт хууль гарсан болохоор багш нар урамшууллаа авах гээд хүлээж байгаа. Хууль баталсан гишүүдэд бас талархаж буй. Хүүхэд багачуудад эрдэм ном зааж насыг элээсэн ахмад багш нарт хатуурхах ч хэцүү. Хуультай болохоор тэд бас заргалдах эрхтэй. Гэтэл улсын төсөвт тэр хэрийн хөрөнгө томоохон аранга болчихсон. Дээрээс нь тэтгэвэрт гарахдаа 18 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг эмч, төрийн бусад албан хаагчид багш нартай барьцахад бэлэн байгаа.
Хэрэв ирэх оны төсөвт үүнийг суулгахгүй бол багш нар бас босоод ирнэ. Нөгөө талаас боловсролын салбарт 5000 багшийн орон зай онгойно. Түүнийг шинэ залуу багш нараар нөхөх шаардлагатай. Гэхдээ багш болох хүсэлтэй хүн өдрийн од шиг ховордсон. Тиймээс төсвийн ачааллыг тэнцүүлэх, багш нарын балансыг барих зорилгоор 5000 багшаа жил жилд нэг, нэг мянгаар нь цувуулан тэтгэвэрт гаргах талаар УИХ дээр ярьж л байна.
Ийнхүү багш нарын урамшуулал төсөвт ачаа, боловсролын салбарт багшийн дутагдалд хүргэх шалтгаан боллоо. Хэрхэхийг улсын төсөв батлах үед харах л үлдлээ.
Эх сурвалж : News.mn