Бага ангийн багш нарын цалинг нэмэх санал гаргана
2012-10-13,13:34
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн
2011-2012 оны хичээлийн жилд нийслэлд 206 сургууль, 308 цэцэрлэг, Гэгээрэл хөгжлийн төв 8 ажиллаж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд багачуудын 10 хувь нь төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгт боловсрол эзэмшдэг байна. Өнгөрсөн хичээлийн жилд 22 сургууль сурагчдаа гурван ээлжээр хичээллүүлсэн бол энэ хичээлийн жилд сургуулийн тоо 16 болж, хүүхдийн тоо 711-ээр буурчээ.
Боловсролын салбарт эхний найман сарын мэдээгээр 555.9 сая төгрөгийн өр үүссэн гэж албаны хүмүүс мэдээллээ. Учир нь, Сангийн яамнаас 2012 оны гуравдугаар сард төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахдаа сургууль, цэцэрлэгийн тогтмол зардлын дөрөв ба тавдугаар сарын 952.2 сая төгрөгийг найм, есдүгээр сард шилжүүлж татжээ. Дараа нь наймдугаар сард төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахдаа сургууль, цэцэрлэгийн тогтмол зардлын найм, есдүгээр сарын 584.2 сая төгрөг, хоолны зардлын 329.9 сая төгрөгийг 10, 11, 12 дугаар саруудад шилжүүлэн татсанаас өр үүссэн ажээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтээр газар хөдлөлтийн норм хангахгүй, ашиглах боломжгүй болж буулгах шаардлага үүссэн 27 сургуулийн барилга байгаа ажээ. Нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг барих зайлшгүй шаардлагыг харгалзан зөвшөөрөлгүй баригдсан зарим барилгыг төрийн өмчид шилжүүлж, боловсролын байгууллагад ашиглах боломжийн талаар судалгаа хийхийг Нийслэлийн Засаг дарга холбогдох хүмүүст үүрэг болгов. Түүнчлэн цаашдаа цэцэрлэг, бага сургууль хоёрыг хамтад нь байлгах талаар бодлого боловсруулж, судалгаа хийхээр ярилцлаа.
Боловсролын байгууллагад хамгийн их ажиллагаа шаарддаг бага ангийн багшид хамгийн бага хэмжээтэй цалин өгдөг тогтолцоог өөрчилж, тэдний цалинг нэмэгдүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яаманд санал тавихаар тогтлоо. Холоос сургуульдаа ирдэг сурагчдын сурах нөхцөл бололцоог хангах, хүүхэд багачуудыг замын хөдөлгөөний осол гэмтлээс сэргийлэх зорилгоор Баянгол дүүргийн 70, Хан-Уул дүүргийн 26-р сургуулиудад сургуулийн автобус авахад шаардагдах 105 сая, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, 10-р сургуулиудад автобус түрээслэхэд шаардагдах 6.3 сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг дэмжжээ.