Англи хэлийг яавал сайн сурах вэ?
Энэ асуултыг намайг Монголдоо ESPI хэмээх Англи хэлний сургуульд багшилж байхад олон оюутан асуудагсан.
Гэтэл Англи хэлийг, ер нь аливаа гадаад хэлийг удаан хугацаанд, бие сэтгэлээ зовоож байж гайгүй хэмжээнд сурдаг. Хэлийг бүрэн төгс эзэмшинэ гэж байхгүй гэж боддог, яагаад гэвэл сурах тутам мэдэхгүй зүйлс гараад л байдаг. Тиймээс өөртөө
шаардлагатай байгаа хэмжээндээ л сурахыг эхлээд зорих хэрэгтэй. Жишээ нь чи ажлын шаардлагаар Англи хэл сурах хэрэгтэй байна гэж бодьё. Тэгвэл чи яг ямар чиглэлээр Англи хэлийг ажил дээрээ түлхүү хэрэглэх хэрэгтэй болоод байна, тэрнийгээ л сур. Чи бизнес захиа юмуу эмайл Англи хэл дээр бичих хэрэгтэй болдог уу, хүмүүстэй Англиар ярих хэрэг гардаг уу, эсвэл ямар нэг бичиг, заавар орчуулах шаардлага гардаг уу гэдгээс шалтгаалаад ямар нэгэн дамжаанд суух эсвэл өөрөө бие дааж сурах уу гэдгээ шийд.
10 жилийн өмнө бол Англи хэл бие дааж сурах бололцоо муу байлаа. Мэдээлэл, сурах бичиг, багш нар хомс, хаанаас, юу, яаж лавлах талаар асуух газар бага байсан одоо бол энэ их мэдээлэлийн дотроос өөртөө сайнийг нь сонгох л чухал болжээ. Англи хэлийг амжилттай хурдан сурахад өөрийн чинь уг хэлийг сурах хүсэл эрмэлзлэл, шаардлага 2 давхцсан, нас залуу байвал маш сайн нөлөө үзүүлдэг. Гэхдээ ямар ч насанд хэлийг сурч болно л доо. Зарим хүүxдүүд өөрийн биш эх эцгийн шаардлага хүслээр сурч байгаа учраас хэл сурахдаа хойрго залхуу байдаг. Зарим албан байгуулага сайн ажилтанаа хэл сур гээд зардлыг нь даагаад явуулдаг,гэтэл нөгөө сайн ажилтан маань хэл сурах шаардлагатай боловч хэцүү гээд шантардаг, сонирхол хүсэлгүй байдаг.
Чи гадаадад их дээд сургуульд сурахаар болоод Англи хэл хэлний шалгалтанд бэлтгэж байна гэж бодвол өөртөө л гол нь найд. Тэр шалгалтаар чи энд их дээд сургуульд сурахаар ирээд лекц ойлгоx, эссэ бичих чадвартай байгаа эсэхийг шалгаж байгаа болохоор Англи хэлний унших бичих чадвар дээрээ их анхаар. Намайг багшилж байхад оюутанууд Англиар ярихдаа муу гэж өөрсдийгөө дүгнэдэг байсан. Их дээд сургуульд чиний ярихыг биш унших бичих чадварыг чухалчилдаг.
Англи хэлийг сурахад миний бодлоор бол олон дамжаанд урт хугацаагаар суугаад хэрэггүй, яагаад гэвэл тэр бол мөнгөний бөгөөд цагийн гарз. Дамжаанд сурмаар байгаа бол сайн судалж сонгож байгаад чанартайд нь нэг улирал буюу нэг ээлжинд нь суугаад тэгээд өөрөө биеэ дайчилж сурсан нь дээр юм шиг санагддаг. Монголд байхад ихэнх хэлний дамжаа голдуу дүрэм, үгсийн сан сайжруулах тал дээр ажиллан, сонсох, унших дасгал сурах бичгээс хийдэг байсан, гэхдээ одоо ондоо болсон байхыг би үгүйсгэхгүй. Гэтэл сурах бичгийн хэл, амьдрал дээрх бодит Англи хэл 2 газар тэнгэр шиг хол зөрөөтэй. Тийм учраас хүмүүс анх гадаадад ирчихээд монголд Англи хэл сураад байсан байсан мөртлөө юу ч ойлгохгүй байна гэж ярьдаг.Энэ бол тэр хүмүүс хэл муу сурсан гэсэн үг огт биш, харин тийм бодит Англи хэлийг Монголд багш нар бараг заадаггүйд байгаа юм.Би ч гэсэн тийм багш нарын нэг байсандаа одоо харамсдаг. Багш нар дүргүйдээ биш, тэгэж зааж чадахгүйдээ шалтгаан нь байсан.Яагаад гэвэл Англи хэлний багш нар гадагшаа яван мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх боломж маш хомс байдгийг хэн хүнгүй мэднэ.
Тийм болохоор дамжаанд сууж Англи хэл сурахаас гадна өөрөөр яаж үр дүнтэй сурч болох вэ? Хамгийн сайн эх сурвалж бол интэрнэт байна. Эндээс одоо бид хүссэн мэдээлэл, ном сурах бичиг, онлайн Англи хэлний хичээлүүдийг үнэгүйгээр олж болно.
Англиар ярих чадвараа дээшлүүлэх зорилготой бол Англи Америк хүмүүстэй ярилцах, тийм боломж олдохгүй бол ядаж л өөрөөсөө илүү Англиар яръдаг хэн нэгэнтэй ярьж дадлага хийх зугээр байдаг.
Өдөрт 20 салангид үг тогтоож байснаас 10-ыг өгүүлбэрт оруулаад цээжилсэн нь илүү үр дүнтэй байж мэднэ. Өргөн хэрэглээний 5000 үг гэж байдаг, тэрийг тогтоосон цагт хаана ч өөрийгөө ойлгуулж чадна гэж хэлний мэргэжилтэнүүд үздэг юм билээ.
ТВ, радио үзэж сонсох бас хэрэгтэй, жишээ нь Англи кино үзэхдээ дор нь гүйж буй бичгин яриаг гүйцэж уншиж чадаж байвал унших сонсох чадал чинь сайжирч буйг үзүүлж байгаа юм.Караокэ-д Англи дуу дуулах нь нэмэртэй байдаг гэж зарим нь хэлдэг. Дуулах дуртай, ой тогтоолт сайтай хүнд магадгүй сайн арга ч байж мэдэх юм.
Хэл сурахад яг тэр арга хамгийн сайн гэж хэлэх боломж муу, яагаад гэвэл хүн болгоны хэл сурах чадвар, арга барил ондоо байдаг. Хамгийн гол нь тууштай, тэвчээртэй байвал чи сурнаа.
Би хэлний авъяас гэдэгт итгэдэггүй, харин оролдлоготой хүн сайн сурдаг гэдгийг олон хүний жишээнээс харж байлаа. Нэг их чухал биш боловч жаахан нүүрэмгий байх нь гадаад хэл сурахад эерэгээр нөлөөлөөд байх шиг санагддаг. Учир тэд эх хэлтэй хүмүүстэй ярихдаа эмээдэггүй, алдаа мадаг гаргахдаа зовдоггүй нь тэдэнд амжилт авчирдаг.
Эх сурвалж: http://www.kiwipearltour.com/ 2009-01-11